БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Сумын танилцуулга

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 

Баянхонгор  аймгийн Өлзийт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн-ноён хан аймгийн Ламын гэгээний хошуу нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүхэн дурсгалт газрууд, ховор ан амьтад, ургамлын төрөл зүйлээр баялаг, хангай, тал хээр хосолсон өргөн уудам нутагтай, томоохон сум юм.

Бурхант, Байн-Ам, Ёлын-Ам, Худаг-Урт, Бийрийн Уулзвар, Улаан-Уул гэсэн  6 багийн  нийт  1062 өрхөд 3653 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор аймагтаа эхний   3-т, газар нутгийн хэмжээгээр 4-т, хүн амын нягтралаар дундаж буюу 3.8 хүн /га/ сум юм.

Байршил:

Баянхонгор аймгийн зүүн, зүүн өмнөд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 610  км,
  • Аймгийн төвөөс 18 км зайд байрладаг.

Нутгийн зүүн хэсгээрээ Өвөрхангай аймгийн Уянга, Нарийн тээл  сумдтай, урд хэсгээрээ  өөрийн аймгийн Богд, Жинст, баруун хэсгээрээ Баян-Овоо, хойд хэсгээрээ Эрдэнэцогт сумдтай тус тус  хиллэдэг.

Байгаль, газар зүйн онцлог

Газарзүйн онцлог. Сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь далайн түвшинээс дээш 1500-2000 м өргөгдсөн бөгөөд хамгийн өндөрлөг газар болох Баяндаваа 3300 м, нам дор газар болох Хавхаастай 1300 м өргөгдсөн байдаг. Хангайн нурууны салбар уулсын дунд цагаан нурууд, уудам тал хээр, уулархаг аараг, толгод хосолсон нутагтай, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Гол мөрөн. Нуур 1, булаг шанд 32, рашаан 2, гол горхи 4, 108 энгийн болон инженерийн хийцтэй худагтай.

Ам амьтан, ургамал. Ховор ан амьтдаас аргаль, янгир, буга, шилүүс, суусар, нохой зээх, дорго, саарал чоно, шар үнэг, тарвага, чандага зэрэг нь элбэг байх ба нутгийн баруун хэсэгт цагаан зээр, хар сүүлт тохиолдох нь бий.

Мөн хойлог, ахуун, тас, хун, галуу, цармын бүргэд зэрэг ховордсон олон төрлийн жигүүртэнтэй. Харгана, бударгана, арц зэрэг модлог болон бутлаг ургамал, юмдүүжин, алтан гагнуур, нохойн хошуу, жамъянмядаг, манжингарав, гишүүн, говийн ганга, дагуур тарваган шийр, лидэр, эгэл гоньд, зэрлэг цахилдаг, эрээн гомбо зэрэг эмийн ургамал,  хад, тошлой зэрэг жимс элбэг ургадаг.

Байгалийн үзэсгэлэнт газар. Түүх соёлын дурсгалт газар Замын хашаат,   Булган уулыг улсын тусгай хамгаалалтанд авсан ба аймгийн тусгай хамгаалалтын  газар болох Түйн бор балгас, Бийрийн хөндийн “Буган чулуу”, Ээжийн цагаан хөшөө зэрэг байхын зэрэгцээ байгалийн үзэсгэлэнт  Шататын агуй, Уушгийн хад, Бага шаргалжуут, Балин чулуу, Гэгээний латаа, Тэмээн таваг, Гялгарын хавцгай гэх мэт газруудтай.

Цаг уурын нөхцөл

  • Агаарын  температур нь хүйтний улиралд  -18-аас  -30  °С
  • Дулааны улиралд  температур нь

 +15-аас +27 °С

  • Газар хөдлөлийн 6-7 баллын идэвхтэй бүсэд байршдаг.

 

Мэдээ оруулсан: 2016-03-16 11:01:24